Монголын Сагсан бөмбөгийн Холбооны “Сэнгүр” лигийн аварга шалгаруулах тэмцээний улирлын тоглолтууд дуусаж, шилдэг 4 баг плей-оффт шалгаран тоглож байна.
Плей-оффын эхний тоглолтууд өнгөрсөн Мягмар гаригт болоход “Хас” банкны “Хасын Хүлэгүүд” баг “Таван толгой транс” компаний “Ёлууд”-ыг, МУИС-ын “МВМ” баг Баянзүрх Буллз багийг тус тус хожиж, плей-оффын эхний хожлоо авцгаасан.
Манай “Спортын цонх” онлайн сэтгүүл уламжлал ёсоор лигийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй тоглогчдоос шилдэг амжилт нь ахисан тоглогчийн шагналыг гардуулах бөгөөд ингэхдээ сагсан бөмбөг сонирхогч уншигч та бүхнийхээ саналыг харгалзан үзэхээр шийдсэн болно. Мөн энэ улирлын Хамгийн Үнэ цэнтэй тоглогчоор тодрох боломжтой тоглогчдыг нэрлэж, та бүхний саналыг авах болов.
Улирлын шилдэг амжилт нь ахисан тоглогчийн шагналд С.Пүрэвцэрэн (Халлелуяа), Д.Мөнхтүвшин (Ёлууд), А.Чойдорж (ШУТИС-Шаркс), О.Золзаяа (Халлелуяа), Б.Батжавхлан (МУИС-МБМ), Б.Даваажав (Баянзүрх Буллз) нар нэр дэвшиж байна.
Улирлын MVP-д “МВМ” багийн хамгаалагч Г. Ихбаяр, довтлогч Н. Золжаргал, Хасын Хүлэгүүд багийн төвийн тоглогч О. Сайнбаяр, Ёлууд багийн довтлогч Т. Санчир, Баянзүрх Буллз багийн төвийн тоглогч Ц. Шаравжамц нарын нэрийг дэвшүүлж байна.
Г. Ихбаярын хувьд энэ жил өөрийн суралцаж төггсөн МУИС-ынхаа багт тоглож байгаа бөгөөд багийнхаа тоглолтыг маш сайн удирдаж, залуу тоглогчдоо амжилттай тоглуулж байна. Талбай дээрх тоглолтын ур чадвар, мэдрэмж, ухаалаг байдлыг нь Стив Нэштэй зүйрлэмээр. Г. Ихбаяр яах аргагүй МУИС-ын багийн хамгийн гол тоглогч нь.
Г. Ихбаярын эхлүүлсэн довтолгоог гүйцээж байгаа гол хүн нь Н. Золжаргал. Ямар ч байдлаас оноо авч, аль ч байрлалд тоглож чаддаг гэдгийг нь бид энэ улиралд хангаллтай харж байна. Довтолгооноос гадна хамгаалалтанд ч сайн тоглож, өнгөрсөн жил Хасын Хүлэгүүдэд урд тоглож байсан бол энэ жил нуруу нам багийнхаа самбараас авдаг гол хүн нь болж, эсрэг багийнхаа өндөр тоглогчдыг сайн хамгаалж байгаа.
Өнгөрсөн жил аварга болсон Хасын Хүлэгүүд баг энэ жил ч аварга авах боломжтой. Бүрэлдэхүүнээсээ Н. Золжаргалыг алдсан ч М. Бадрах болон Ц. Мэргэн нарыг элсүүлж, хүчирхэг байдлаа хадгалсан. Гэхдээ Хүлэгүүдийн тогтвортой тоглолтонд О. Сайнбаярын үүрэг, нөлөө их бий. Өнгөрсөн жил улирлын шилдэг тоглогчийн шагналыг авах тун дөхсөн ч аз дутсан гэхэд болно. Тийм их оноо аваад байдаггүй ч байнгын тогтвортой найдвартай тоглолттой, бүх л тоглолтын турш талбайд тоглодог, тоглолтыг сайн “уншдаг”.
“Ёлууд” багийн Т. Санчир өнгөрсөн жил шилдэг амжилт нь ахисан тоглогч болсон бол энэ жил шилдэг тоглогч болох магадлалтай. Статистик үзүүлэлт харах аваас түүний нэр шилдэг тоглогчид хамгийн түрүүнд нэрлэгдэнэ. Тойргийн тоглолтуудад бүх тоглогчдоо нийт авсан оноо, самбараас авалт, торгуулийн шидэлтээс авсан оноо, 2 онооны шидэлтээс авсан оноогоороо тэргүүлсэн. Ёлууд багийн довтолгооны гол хүн.
Баянзүрх Буллз энэ жил тойргийн тоглолтуудад маш сайн тоглож, плей-оффт ядах юмгүй шалгарсан. Буллзын амжилт яах аргагүй ОУХМ Ц. Шаравжамцаас хамааралтай. Түүнийг талбайд байх үед эсрэг багийн ямар ч тоглогч оролт хийж чадахгүй, самбарт ойрхон довтолж чадахгүй байгаа болохоор Буллзын хамгаалалт сайн байгаа. Үнэ цэнтэй тоглогч гэдэг бол заавал хамгийн олон оноо авдаг байх тоглогч байх албагүй. Гол нь түүний нөлөөгөөр баг нь амжилттай тоглодог байх ёстой. Буллзын амжилт Ц. Шаравжамцаас шууд хамааралтай.
Үнэ цэнтэй тоглогчид плей-оффт шалгарсан 4 багаас нэр дэвшүүлсэн бол шилдэг амжилт нь ахисан тоглогчийн тухайд багийнх нь амжилтыг голлож үзсэнгүй.
Улирлын тоглолтын статистик үзүүлэлтүүд:
Нийт оноо:
1. Т. Санчир (Ёлууд) – 475
2. Н. Золжаргал (МУИС) – 421
3. Э. Энхтайван (Лидер) – 386
4. О. Ууганбаяр (Хараагийн Харцага) – 370
5. А. Од (Хасын Хүлэгүүд) – 368
6. П. Болортулга (Лидер) – 359
7. Г. Ихбаяр (МУИС) – 359
8. Б. Мөнхболд (Ёлууд) – 354
9. М. Цогтбаатар (Баянзүрх Буллз) – 353
10. Б. Ариунболд (Хараагийн Харцага) – 337
Самбараас авалт
1. Т. Санчир (Ёлууд) - 218
2. О. Ууганбаяр (Хараагийн Харцага) - 207
3. Э. Энхтайван (Лидер) - 202
4. Б. Мөнхболд (Ёлууд) - 200
5. О. Сайнбаяр (Хасын Хүлэгүүд) - 198
6. Д. Дэлгэрням (ШУТИС) - 190
7. Л. Эрдэнэбилэг (Баянзүрх Буллз) - 183
8. Н. Золжаргал (МУИС) - 178
9. Ү. Давхарбаяр (Хараагийн Харцага) - 177
10. Ш. Сэдбазар (Халлелуяа) – 173
Оновчтой дамжуулалт
1. Г. Ихбаяр (МУИС) – 51
2. Б. Ариунболд (Хараагийн Харцага) – 41
3. Ш. Сэдбазар (Халлелуяа) – 27
4. Ц. Пүрэвдорж (Ёлууд) – 26
5. О. Сэргэлэн (Халлелуяа) – 26
3 онооны шидэлтээс авсан оноо
1. М. Цогтбаатар (Баянзүрх Буллз) - 168
2. З. Доржсүрэн (Халлелуяа) – 156
3. Н. Золжаргал (МУИС) – 147
4. А. Чойдорж (ШУТИС) – 135
5. М. Бадрах (Хасын Хүлэгүүд) - 132