Sunday, May 17, 2009

Хасын Хүлэгүүд аварга áîëëîî


Аваргын төлөө шалгаран үлдээд байсан Хасын Хүлэгүүд - МУИС “МВМ” багуудын цувралын харьцаа 3:2 байсан учир өнөөдөр Хүлэгүүд хожвол 2 дахь жилдээ дараалан лигийн аварга болох байв. Тиймээс МУИС-ын баг хожигдох эрхгүй байсан.

Тоглолтын эхний үед МУИС 2 оноогоор давамгайлсан бол 2-р үед Хүлэгүүд 8 оноо илүү авч, улмаар эхний хагас 47:41 буюу Хүлэгүүдийн 6 онооны илүүгээр дууссан. Өмнөх тоглолтуудад олон удаа харагдаж байсан Хүлэгүүд оноогоор давамгайлж, МУИС “нэхдэг” явдал энэ тоглолтонд ч давтагдсан гэхэд болно. 3-р үед Хүлэгүүд онооны зөрүүг улам холдуулав. Ялангуяа М. Бадрахын дараалсан 2 холын шидэлт оновчтой болж, МУИС-ыг хүнд байдалд оруулсан. 3-р үе өндөрлөхөд Хүлэгүүд 18 онооны зөрүүтэй хожиж байлаа.  Гэвч 4-р үед байдал орвонгоороо эргэх нь тэр. Хас удаа дараа бөмбөгөө алдаж, таслуулж, оновчгүй довтолж, зөрүүлээд МУИС-ын тоглолт илт сэргэсэн. Тоглолтын цаг сүүлийн минутандаа орсон байхад Хүлэгүүдийн хамгаалагч Д. Бат- Эрдэнэ буюу “Данди” аваргын төлөөх нэн хариуцлагатай тоглолтонд байж боломгүй тэнэг үйлдэл гаргаж, шүүгч шүгэлдсэний дараа довтолж байж техникийн алдаагаар торгуулсан юм. Энэ үед уг нь Хүлэгүүд 5 онооны илүүтэй хожиж байсан. МУИС-ын довтлогч Ц. Азбаяр хувийн болон техникийн алдааны 4 шидэлтийнхээ 3-ыг амжилттай болгож, МУИС үргэлжлүүлээд довтлоход Г. Ихбаярын дамжуулалтаар Б. Батжавхлан 3 онооны шидэлтээ амжилттай болгосноор МУИС 1 оноо илүү болчихлоо. Цаг дуусахад 20 орчим секунд үлдсэн үед Хүлэгүүд довтолж, МУИС-ын баг О. Сайнбаяр дээр алдаа хийв. О. Сайнбаяр 2 шидэлтийнхээ 1-ийг оновчтой болгож, тоог тэнцүүлсэн. Үлдсэн хугацаанд МУИС довтолсон ч амжилтгүй болгосноор цаг сунгасан юм. 4-р үед Хүлэгүүдийн Ц. Мэргэн, МУИС-ын Г. Баттөр, С. Батнаран нар 5 дахь алдаагаа гаргаж, талбайд тоглох боломжгүй болоод байв.

Нэмэлт цагт ч багууд тэнцүүхэн тоглож байсан ч тоглолтыг шийдсэн оноог О. Сайнбаяр авсан. Довтолгооны хугацаа дуусч байх мөчид У. Мөнхбаатарын шидэлт цагирагтаа хүрээгүй ч О. Сайнбаяр бөмбөгийг аван довтолсноор багаа 3 оноо илүү болгосон болно. МУИС-ын ахлагч Г6 Ихбаяр 2 оноо авсан ч тэдэнд 2 бус, 3 оноо хэрэгтэй байв. Үлдсэн 3 секундэд тэд дахин оноо авч чадсангүй.

Ийнхүү “Хас” банкны Хасын Хүлэгүүд баг өрсөлдөөнтэй тоглолтонд хожсоноор цувралд 4:2-оор тэргүүлэн 2009 оны Монголын Сагсан Бөмбөгийн холбооны лигийн тэмцээний аварга багаар тодорлоо. Мөнгөн медалийг Монгол Улсын Их Сургуулийн “МВМ” баг хүртэж, хүрэл медалийн “Бриж” констракшн компаний Баянзүрх Буллз хүртэв.

Энэ оны лигийн тэмцээний тэргүүн тоглогчоор Хасын Хүлэгүүд багийн төвийн тоглогч О. Сайнбаяр анх удаагаа тодров. Тэрээр өнгөрсөн улиралд ч мөн  тэргүүн тоглогчийн шагналын хамгийн хүчтэй нэр дэвшигч байлаа.

Манай сайт, сэтгүүлийн зүгээс олгодог Шилдэг амжилт нь ахисан тоглогчоор Хасын Хүлэгүүд багийн довтлогч М. Отгонмөнх тодорсон болно.

Харин шилдэг дасгалжуулагчаар мөн л Хасын Хүлэгүүд багийн дасгалжуулагч О. Баярцогт тодров.

Сагсан бөмбөгийн спортын мастер Даваахүү агсны гэр бүл энэ улиралд 3 онооны хамгийн олон оновчтой шидэлт гүйцэтгэсэн тоглогчид түүний нэрэмжит шагнал гардуулахад МУИС-ын багийн довтлогч Н. Золжаргал уг шагналыг хүртлээ.

Аваргын төлөө тоглолт. №6.

МУИС “МВМ” 88:89 Хасын Хүлэгүүд (21:19   20:28   12:24   23:5   12:13) НЦ

МВМ: Ц. Азбаяр 18 оноо, Н. Золжаргал 16 оноо+4 самбар, Г. Баттөр 14 оноо+7 самбар, Г. Ихбаяр 13 оноо

Хүлэгүүд: О. Сайнбаяр 22 оноо+8 самбар, М. Бадрах 22 оноо, Д. Бат-Эрдэнэ 14 оноо+11 самбар, Ц. Мэргэн 14 оноо

Эцэст нь энэ улиралд “Сэнгүр” лигт тоглосон 8 багийг товч дүгнэвэл:

Хүлэгүүд өнгөрсөн жил түрүүлэхдээ талбайд А. Рыжков, О. Сайнбаяр, М. Отгонмөнх, Н. Золжаргал гэсэн 4 өндөр тоглогчийг Д. Бат- Эрдэнийн хамт ихэвчлэн талбайд тоглуулж байсан. Энэ тактик нь ялангуяа хамгаалалтанд маш сайн үр дүнгээ өгч, тэдэнтэй плей-оффт тоглосон Ёлууд, ШУТИС-ын багуудыг хожиж байсан билээ. Харин энэ жил Н. Золжаргал багаа орхисон ч Ц. Мэргэн, М. Бадрах нараар хүч нэмж хэн нь ч хэнийгээ орлох 7-8 тоглогчтой болсон гэхэд болно. Мөн бусад багуудтай харьцуулахад харьцангуй нуруулаг байдлаа хэвээр хадгалж чадсан. Ялангуяа МУИС-ын эсрэг энэ давуу талаа сайн ашиглаж байлаа. Дээр нь тоглогчид нь туршлага сайтай юм.

МУИС-ын баг плей-оффт үлдэхийн төлөө л ширүүн өрсөлдөж байсан баг гэхэд аваргын төлөө шалгарч чадсан. Үнэндээ МУИС-ын багт самбар дор найдвартай тоглох хүн байгаагүй. Н. Золжаргал, Ц. Азбаяр нар нуруулаг боловч самбар дор тоглодог, самбар дор сайн хамгаалдаг тоглогчид биш. Бямбанаран плей-оффт тоглосон бол ихээхэн хэрэг болох байсан байх. Самбарын 2 найдвартай тоглогчтой байсан бол тэд аварга болох боломжтой харагдсан. Бүрэлдэхүүн, нөөцийн хувьд Хүлэгүүдээс дутуу ч тэдэнтэй сайн тоглолоо.

Баянзүрх Буллз лигт 2 дахь жилдээ тоглоод хүрэл медаль хүртэж чадлаа. Өнгөрсөн жил лигт сүүл мушгиж байсан багийн хувьд том дэвшил. Багийн амжилт яах аргагүй Ц. Шаравжамцтай холбоотой.

4-р байранд шалгарсан Ёлууд багийн хувьд өнгөрсөн жилийн багаас оноо түүдэг гол хүн Цэвэлдорж гадаад явсан, шилдэг нөөц тоглогч Даваажав Баянзүрх Буллз  багт орсон тул үндсэндээ 5 тоглогчтой л лигийн тэмцээнийг дуусгасан. Плей-оффт нөөц султай байсан тул гарааны 5 тоглогч нь аргагүй ядарсан, хүчин мөхөсдсөн биз.


Хараагийн Харцага баг маш хүчирхэг бүрэлдэхүүнтэй байсан ч плей-оффт шалгарч чадсангүй. Хоорондоо ойлголцоход тэд арай илүү хугацаа зориулсан, улирлын эхэнд олон хожигдсон нь плей-оффт шалгарч чадахгүйд хүргэсэн.

ШУТИС-ын баг лигийн дэд аварга болсон үеийн гарааны 5 тоглогчоо бүгдийг нь өөр баг руу үдсэн. Тиймээс тэднээс үзэгчид өндөр амжилт хүлээгээгүй, тэд ч төдийлөн сайн тоглоогүй.

Халлелуяаг плей-оффт шалгарна хэмээн олон хүн таамаглаж байсан ч тэд хангалттай тоглосонгүй. Мөн Пак дасгалжуулагч багийнхаа бэлтгэлийг өмнө нь маш сайн, чанартай хийлгэдэг байсан бол энэ жил бага зэрэг назгайрсан тал сонсогдож байсан. Гэхдээ ирэх жил лигийн тэргүүн тоглогчоор тодорч байсан Б. Одбаярын гэмтэл бүрэн илаарших аваас Халлелуяагийн бүрэлдэхүүнээс тоглох болохоор багийн амжилт өсөх нь гарцаагүй.

Монгол Даатгал компаний Лидер баг цагтаа лигийн манлай баг байсан. Гэвч сүүлийн 3 улирал хамгийн муу баг гэж хэлэгдэж байна. Энэ жил ч тэдний амжилт ахисангүй.

No comments:

Post a Comment