Thursday, February 12, 2009

Сэнгүр Лигийн 2-р тойргийн тоглолтууд эхэллээ


МСБХ ны Сэнгүр Лигийн хоёрдугаар тойргийн эхний тоглолт 2 сарын 11 нд Ёлууд ба Шарксын хооронд боллоо. Тоглолт эхний үеээсээ л шийдэгдсэн гэхэд болно. Эхний үед Ёлууд 31 оноо авсан бол Шаркс 10 оноо авчээ. Тоглолт өндөрлөхөд тооны харьцаа 92-81 болж Ёлууд ээлжит ялалтаа авсан. Ёлуудаас нийт 6 тоглогч оноо авсан ба хамгийн өндөр оноог Д.Мөнхтүвшин 24 ийг авсан. Харин Шарксаас Ц.Ганболд 24 оноо + 11 самбар авсан үзүүлэлтээр багаа тэргүүлжээ.

Тус өдрийн дараагийн тоглолт тун сонирхолтой болов. Хүлэгүүд ба МБМ хоорондоо тааран тоглов. Тоглолтын эхний үед хоёр баг тэнцүүхэн өрсөлдөж 21 оноог багууд тус бүртээ авсан бол эхний хагасын дараа МБМ 52 – 40 ийн харьцаатай хошуучлав. Харин тоглолтын их завсарлагааны дараагаар Хүлэгүүд бага багаар оноог ойртуулан гуравдугаар үед 5 оноогоор ойртуулж 67 – 62 болгов. Энэ үед Хүлэгүүдээс Ц.Мэргэн хамгийн үр бүтээлтэй тоглосон ба сэлгээгээр А.Одын оронд гарч ирсэн Г.Нямбаяр тун сайн тоглож хэрэгтэй 7 оноог энэ үед авав. Шийдвэрлэх дөрөвдүгээр үед МБМ ийн дасгалжуулагч хамгаалалтандаа анхаарахын оронд хэтэрхий их довтолгоонд анхаарсан нь тоглолтын хувь заяаг Хүлэгүүдийн гарт өгчихөв. Хүлэгүүд 85 – 81 аар хошуучилж байх үед МБМ ийн довтлогч 3 онооны шидэлт амжилттай гүйцэтгэснээр цаг дуусан 85 – 84 аар Хүлэгүүд ээлжит хожлоо аван ганцхан хожигдолтойгоор лигийг тэргүүлсэн хэвээр үлдэв. МБМ ийн лидер тоглогч Н.Золжаргал 16 оноо + 7 самбараас авсан бол Б.Бямбанаран 19 оноо + 8 самбар гэсэн үзүүлэлтээр багаа тэргүүлжээ. Хүлэгүүдээс Ц.Мэргэн 29 оноо + 6 самбар + 5 бөмбөг таслалт гүйцэтгэв.

Хоёрдугаар тойргийн эхний өдрийн тоглолтын сүүлийнх нь Халлелуяа ба Буллзын хооронд өрнөв. Сонирхолтой тоглолт өрнөнө байх гэж үзэгчдийн таамаглаж байсан нь ч талаар болсонгүй. Тоглолтын эхний хагасын дараагаар Халлелуяа 43 – 39 аар тэргүүлэв. Ц.Шаравжамцыг хамгаалах үүрэг хүлээсэн Б.Түмэнжаргал 4 алдаа аван хоёрдугаар үеээс сэлгээнд суусан нь том гарз болов. Тоглолтын эхнээс л прессинг хийж тоглодог Халлелуяа үр дүнгээ өгсөн нь энэ байв. Буллзын тоглогчид сандарч буруу хүн рүү дамжуулах, дамжуулалтаа таслуулах зэргээр паниктаж байв. Харин хоёрдугаар хагаст Буллзынхан харьцангуй тайван тоглож оноог 65 – 62 болгож өөрийн талд эргүүлэв. Ингээд шийдвэрлэх үе эхлэхэд Буллзын сэлгээний тоглогч Б.Даваажав гарч ирэн алсын зайнаас 5 шидэж 4 ийг нь оновчтой болгосноор онооны харьцааг улам холдуулсан ба энэ үед Халлелуяагийн довтолгоо ч олигтой явсангүй. Ингээд 91 – 71 ийн харьцаатайгаар Буллз ээлжит ялалтаа байгуулж Хүлэгүүдийн араас нэхэж байгаа бол Халлелуяа сүүл мушгиж байна.

Буллз: Ц.Шаравжамц 27 оноо + 5 самбар, Д.Бат-Орших 18 оноо + 12 самбар, М.Цогтбаатар 16 оноо + 9 самбар
Халлелуяа: О.Золзаяа 25 оноо, 5 самбар, 5 бөмбөг таслалт, З.Доржсүрэн 17 оноо, 7 самбар, Ш.Сэдбазар 11 оноо, 2 самбар

No comments:

Post a Comment