Сэнгүр Лигийн явц буюу 14,15,16-р тогололтууд
2009 оны Сэнгүр лигийн аврага шалгаруулах тэмцээний 3-р тойргийн өрсөлдөөнтэй, сонирхолтой тоглолтууд спортын төв ордноо үргэлжлэн явагдаж байна.Сүүлийн энэ тойрогт багууд шигшээ тоглолтод шалгаран гарахын төлөөх шийдвэрлэх, хариуцлагатай тоглолтуудыг хийж байгаа учраас бүх хүчээ дайчлан тоглож, тоглолт бүр нь ширүүхэн сонирхолтой болж байна.
Энэ өдрийн эхний тоглолт буюу 3-р тойргийн 14 дэх тоглолтод энэ тойргийг эхлээд ганц ч хожигдолгүй, дараалсан 3 хожлын эзэн болоод байгаа МВМ болон 2 хожигдол 1 хожилтой байгаа Халлелүяа BBQ багууд учраа тааран тоглолоо. Тоглолтын 1-р үеийг Халлелүяачууд 19:18-р хошуучилсан бол 2-р үеийг МВМ-чүүд 37:27-р, 3-р үеийг 51:46-р тус тус хошуучилж шийдвэрлэх үетэй золгосон. 4-р үеийн 3 мунит 53 секундэд Очир-Эрдэнийн довтолгооноор онооны харьцаа 64:63 болж Халлелүяачууд тоглолтыг тэргүүлж эхэлсэн ч үлдсэн минутуудад МВМ-чүүд тэдэнд боломж олгосонгүй эргэн тоглолтын санаачлагыг атган хожлын оноонуудыг авсанаар 70:66-р ялалт байгууллаа. МВМ-чүүд энэ хожлын дараагаар дараалсан 4 хожлын эзэн боллоо. Харин 3 хожигдол 1 хожилтой болсон Халлелүяачуудын шидэлтийн оновч муу байгаа нь энэ тоглолтод болон урьд урьдын олон тоглолтуудад хожигдол хүлээх гол шалтгаан нь болсон юм. Энэ тоглолтод МВМ-н Ихбаяр, Золжаргал нар 23 оноо, Халлелүяагийн Пүрэвцэрэн 18 оноо, Түмэнжаргал 14 оноог тус тус авчээ.
Энэ өдрийн 2 дахь тоглолт 3-р тойргийг эхлээд амжилт муутайхан тоглож дараалсан 3 хожигдол хүлээгээд байгаа Хасын Хүлэгүүд болон тойргийн тоглолтуудынхаа нийлбэр дүнгээрээ тэргүүлэгчдийн эгнээнд жагсаад байгаа Баянзүрх Бүллс багуудын тоглолт байлаа. Бүллсчүүд тоглолтын 1-р үеийг 24:18-р, 2-р үеийг 41:33-р, 3-р үеийг 55:44-р тус тус хошуучилж шийдвэрлэх үед урьд жилийн аваргуудыг 77:64-р буулган авч энэ тойрогтоо 3 хожилтой боллоо. Харин Хасын Хүлэгүүд баг дараалсан 4 хожигдол хүлээгээд байна. Энэ өдрийн тоглолтод Бүллсийн Цогтоогийн алсын зайн шидэлтүүд амжилттай болж байсан бөгөөд тэрээр алсын зайн шидэлтээр багтаа 18 оноо, нийт 31 оноог авчирсан бол Хүлэгүүдээс Сайнбаяр 18, Бат-Эрдэнэ 14 оноог тус тус авсан байна.
Энэ өдрийн сүүлийн тоглолт буюу Сэнгүр лигийн 3-р торйгийн 16 дахь тоглолтод Монгол даатгал компанийн Лидер, Таван Толгой Трансын Ёлууд багууд учраа тааран тоглосон. Тоглолт маш сонирхолтой, өрсөлдөөнтэй болж өндөрлөсөн бөгөөд сүүлийн 40 секундэд тоглолтын хожлын хувь заяа шийдэгдсэн юм. Тоглолтын эхний үеийг Ёлууд 27:14-р хошуучилсан бол 2-р үеийг Лидерүүд 36:35-р, 3-р үеийг 58:49-р тус тус хошуучлан шийдвэрлэх үеийг эхлүүлсэн. Ёлууд 4-р үеийн сүүлийн 2 минут хүртэл алдсан оноогоо нөхөж тоглосон бөгөөд 1 минут 55 секундэд Пүрэвдоржийн алсын зайн довтолгооноор тооны харьцаа 63:62 болж тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Тоглолтын цаг дуусахад 1 минут 30 секунд дутуу байхад Лидерийн Анандын алсын зайн шидэлт амжилттай болж тооны харьцааг 65:63 болгосон нь Ёлуудыг сандраасан ч 1 минут 12 секундэд Пүрэвдорж, 00:40 секундэд Санчир нар амжилттай довтолгоонуудыг гүйцэтгэж ганцхан онооны давуугаар буюу 68:67-н харьцаагаар Лидерүүдийг буулган авсан юм. Энэ хожлын дараагаар Ёлууд 3-р тойрогтоо 2 хожил 2 хожигдолтой болоод байгаа бол Лидерүүд дараалсан 4 хожигдол хүлээгээд байна. Лидерийн Энхтайван 16, Болортулга 15 оноо,Ёлуудын Санчир 24 оноо, самбараас 14, Мөнхболд 16 оноо самбараас 14 бөмбөг авсан амжилттайгаар энэ удаагийн тоглолтод тоглосрн байна.
No comments:
Post a Comment