Monday, March 16, 2009

Сагсан бөмбөгийн үүсэл



Сагсан бөмбөгийн үүсэл хөгжил

Тоглоомын энэ төрлийг сэдэж олох үйл ажиллагаа 1891 оноос эхэлсэн. АНУ-ын Массачусетс мужийн Спрингфилдын Залуу христосчуудын холбооны коллежийн удирдлага зохион байгуулагч гишүүд спорт зааланд явагдаж байсан биеийн ерөнхий хөгжлийн дасгалуудаас түргэн уйдах болсон. Коллежийн оюутнууд намар нь Америк хөл бөмбөг, хавар нь хөнгөн атлетик, бейсболоор хичээллэж харин өвөл нь зөвхөн зааланд гимнастикаас өөр хичээллэх спортын төрөл байсангүй. Имйд залуучуудын сонирхлыг татах шинэ зүйл чухал шаардлагатай байлаа. Тус коллежийн биеийн тамирын хэлтсийн ахлах, нарийн бичгийн дарга доктор Лютер Хелси Гулик сэтгэл судлалын семинар дээр өвлийн улиралд битүү, хиймэл гэрэлтүүлэгтэй зааланд залуучуудын сонирхлыг татахуйц шинэ тоглоомын төрлийг сэдэж олохыг зөвлөсөн. Ингэж Гуликийн заавраар биеийн тамирын багш Джеймс Нейсмит 1891 оны өвөл тоглоомын шинэ төрлийг санаачилж “Сагсан бөмбөг”-ийг тоглоход амархан харин сайн эзэмшихэд хэцүү гэж тодорхойлж байжээ. Дж.Нейсмитийн гавяаг үнэлэн Спрингфилдын коллеж 1911 онд “Биеийн тамирын хүндэт мастер”, 1936 онд Мак Гиллын Их сургууль “Анагаах ухааны доктор ” цолуудаар тус тус шагнасан байна. 1968 онд Спрингфилдын коллежийн дэргэд Дж.Нейсмитийн музейг байгуулсан бөгөөд хожим нь “Сагсан бөмбөгийн алдрын танхим ” гэж нэрлэгдэх болсон. Ингэж хүн төрөлхтөнд гайхамшигт сайхан тоглоомыг бэлэглэсэн энэ хүнийг мөнхжүүлэн хүндэтгэл илэрхийлсэн юм. Дж.Нейсмит 1861 онд Канад улсад төрөөд 1939 онд нас барсан. Мэдээж тоглоомын шинэ төрлийг сэдэж олохын тулд эрт дээр үед Америк тивд дэлгэрч байсан бөмбөгтэй тоглоомын түүхэн мэдээ баримтуудыг ашигласан нь ойлгомжтой. Жишээ нь одоогоос 2000 жилийн тэртээ Мексикийн нутаг дээр амьдарч байсан Инк Майя гэдэг овгийнхон “Пок-то-пок” бөмбөгтэй тоглоом тоглож байжээ. Тоглоомын гол зорилго нь эгц босоо хананд байрлуулсан чулуун цагирагт бөмбөгийг шидэж оруулах явдал байлаа. Мөн XVI зууны үед Ацтекууд “Оллмалитули” нэртэй тоглоом каучукан бөмбөгөөр чулуун цагирагт шидэн тоглож байсан байна. Дж.Нейсмит заалын тагтан /балкон/ дээр жимсний 2 сагс байрлуулаад бөмбөг шидүүлдэг байсан. Гимнастикийн заалны тагтны өндөр 3 м 05 см байсан ба энэ хэмжээ одоо хүртэл сагсан бөмбөгийн цагирагийн өндөр болон хагалагдсаар үлджээ. Бөмбөгийг сагсанд шидэж оруулж байсан учраас /Basket –сагс, ball-бөмбөг/ сагсан бөмбөг нэрийг олжээ. Дж.Нейсмит 1891 оны XII сард шинэ тоглоомынхоо дүрмийг бичиж анхныхаа тэмцээнийг зохион байгуулж 1892 онд сагсан бөмбөгийн дүрмийн номоо хэвлүүлжээ.

Энэ дүрмийн ном нь 13-н зүйлээс бүрддэг бөгөөд эдгээрийн ихэнх нь орчин үеийн сагсан бөмбөгийн дүрмэнд үйлчилсээр байна. 1895 оноос эхлэн цагирагийг самбарт бэхлэх болсноор тэмцээний дүрэмд бага зэрэг өөрчлөлтүүд орсон. Тагтан дээр зогсоод тэмцээн үзэж буй сэтгэлийн хөдөлгөөнтэй хөгжөөн дэмжигчид заримдаа өөрийнхөө багт туслах зорилгоор бөмбөгийг барьж авч эсрэг багийнхаа цагирагт хийдэг байсан тул цагирагийг хамгаалах зорилгоор самбарыг ашиглах болжээ.

Сагсан бөмбөгийн хөгжил

Хөгжлийн явцал тоглолтын дүрэм, тоног төхөөрөмж, тамирчдын хувцас хэрэглэл, өөрчлөгдөн хөгжсөөр иржээ. 1893 онд анх тортой төмөр цагираг, 1894 онд бөмбөгний тойрог 76,2-81,3 см хэмжээтэй болсон. 1895 онд анх 15 футээс торгуулийн шидэлт хийж эхэлсэн.

Хөгжлийн үе шат: I үе шат 1891-1918 он. Тоглоомын шинэ төрөл бий болсон. Сагсан бөмбөг нь өөрийн бүхий л онцлогоороо ялгаран спорт тоглоомын биеэ даасан төрөл болж хөгжсөн. АНУ даяар түргэн тархахын зэрэгцээ бөмбөг барих, дамжуулах, шидэх зэрэг техникүүд гарч ирсэн. Тактикийн хувьд тоглогчдыг Довтлогч, Хамгаалагч гэж ангилах болжээ. Сагсан бөмбөг нь Европ, өмнөд Америкт өргөн дэлгэрч эхэлсэн.

II үе шат 1919-1931он. Сагсан бөмбөгийн үндэсний холбоод бий болсон. 1927 онд Женевт Спрингфилдын докто Элмер Берригаар удирдуулсан биеийн тамирын боловсрол олгох сургууль байгуулагдсан. Тус сургуулийн гол зорилго нь Европ болон бусад тивүүдэд сагсан бөмбөгийг дэлгэрүүлэх явдал байлаа. Сагсан бөмбөг нь Чехословак, Латви, Эстони, Литва, Итали, Франц зэрэг орнуудад өргөн дэлгэрэхийн зэрэгцээ олон улсын нөхөрсөг уулзалт тэмцээнүүд зохиогдох болсон. 1919 онд Америк, Итали, Францын армийн шигшээ багуудын дунд олон улсын анхны тэмцээн зохиогджээ.


III үе шат 1932-1947он. Сагсан бөмбөгийг дэлхий нийтээр хөгжүүлэх үе. 1932 оны VI сарын 18-нд сагсан бөмбөгийн түүхэн гайхамшигт үйл явдал болсон нь Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбоо /ФИБА/ байгуулагдсан явдал юм. 8 орны (Аргентин, Грек, Итали, Латви, Португали, Румын, Швейцари, Чехословак)-ын үндэсний холбоодын төлөөлөгчид оролцсон олон улсын бага хурлаар ФИБА-г байгуулсан тухайгаа санал нэгтэй мэдэгдэж албан ёсныхоо дүрмээ баталсан. 1935 онд Олон улсын олимпын хороо сагсан бөмбөгийн спортыг олимпын төрөлд оролцох шийдвэр гаргаж улмаар Берлинд болсон Олимпийн XI тоглолтонд 21 орны баг тамирчид оролцсоноос Америкийн баг аварга болжээ. Тус тоглолтонд I Дж.Нейсмит хүндэт зочиноор оролцсон байна.

IV үе шат 1948-1965он. Техник тактикийн ур чадвар эрс нэмэгдэж сонирхогчдын ба мэргэжлийн сагсан бөмбөг гэсэн 2 чиглэлэээр хөгжих болсон. Тоглогчдын техник, тактикийн ур чадварыг огцом нэмэгдүүлэхэд доорхи хүчин зүйлүүд чухал нөлөө үзүүлсэн. • Америкт Үндэсний сагсан бөмбөгийн холбоо /NBA/ • Мэргэжлийн клубууд байгуулагдсан • Нэг гараар шидэх техник өргөн дэлгэрсэн • Довтолгоог төвийн тоглогчоор дамжуулан явуулах иж бүрэн тоглолтын систем шинээр хэрэглэгдэх болсон.

Эдгээр нь сагсан бөмбөгийг цаашдын хөгжилд өвөрмөц хувьсгал болсон юм. Америкийн дасгалжуулагч Т.Арчер 1948 онд анх “Мини сагсан бөмбөг” –ийг санаачилсан. Энэ нь зөвхөн 8-12 насны хүүхдийг сагсан бөмбөгийн спортоор хичээллүүлэх зорилготой гарч иржээ. Тоглолтын дүрмийн хувьд хялбарчилсан, жижиг бөмбөгтэй /67-72 см тойрогтой, жин нь 450-500 гр/, цагирагийн өндөр нь 2 м 60 см, самбараас торгуулийн шидэлтийн шугам хүртэл 4 м зайтай ажээ. 1950 онд Аргентинд эрэгтэйчүүдийн, 1953 онд Чилид эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах анхны тэмцээнүүд зохиогдож Аргентин /эрэгтэй/, Америк /эмэгтэй/ багууд аварга болж байжээ. 1950 оны эхээр сагсан бөмбөгт довтолгоо зонхилоход нөлөөлөх хүчин зүйлүүд гарсан нь: • Довтолгооны техник тактик, хамгаалалтын техник тактикаас давамгайлж ирэв. • Багуудад өндөр нуруутай тоглогчдын эзлэх хувь нэмэгдсэн 1965 онд ФИБА –д дэлхийн 122 орон гишүүнээр элссэн байлаа. V үе шат 1965он-оос хойших үеийг сагсан бөмбөгийн спорт өөрийнхөө өмнө тулгарсан асуудлуудыг даван туулж ид хөгжлийнхөө замд шилжсэнд тооцдог.

Монгол оронд сагсан бөмбөгийн спорт хөгжсөн түүх

1940 -өөд оны эцсээр манай оронд уригдан ирж ажиллаж байсан Зөвлөлт Хятадын мэргэжилтнүүд, ажилчид чөлөөт цагаараа сагсан бөмбөг тоглож тэднээс офицерийн сургуулийн сонсогчид, зарим залуучууд суралцаж байснаар анхны эх үүсвэр нь тавигдсан гэх боловч хэрэглэл материал муутай, заал талбай цөөн байжээ. 1946 онд явагдсан улсын анхдугаар спартикадад спортын сайн дурын “Соёл”, “Хөдөлмөр” зэрэг нийгэмлэгүүдээс тэр үеийн волейболын тэмцээнд оролцож байсан тамирчдаас бүрдсэн багууд сагсан бөмбөг тоглож байжээ. 1954 онд улсын аварга шалгаруулах албан ёсны анхны тэмцээн явагдаж үүнд нийгэмлэгүүдийн эрэгтэй, эмэгтэй багууд оролцон “Соёл” нийгэмлэгийн эрэгтэй баг аварга болжээ. 1959 онд зохиогдсон Монголын Залуучууд Оюутны анхдугаар их наадмын тэмцээнд “МУИС”, “Барилгачин”, “Залуучууд” багууд тэргүүн байрт шалгарч байжээ. 1961 оны МБАТ-ний анхдугаар спартикадаар хот хөдөөгийн 24 нийгэмлэг, 6 их дээд сургуулийн эрэгтэй эмэгтэй 60 гаруй багийн нийт 400-аад тамирчид оролцож хотоос, МУИС-ын багийн ахлагч С.Чоён анхны спортын мастер цол хүртсэн. 1962 онд БНМАУ-ын Сагсан бөмбөг сонирхогчдын холбоог байгуулсан. 1950-иад оноос ардын армийн шугамаар манай тэргүүний сагсан бөмбөгчид Хятад, ЗХУ, Европын социалист орнуудад очиж нөхөрсөг уулзалт тэмцээнд оролцож өөрийн оронд ах дүү армиудын болон бусад баг тамирчдыг урьж уулзалт тэмцээн зохиодог болсон нь тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, залуучууд өсвөр үеийнхнийг сагсан бөмбөгийн спортоор шимтэн хичээллэхэд ихээхэн түлхэц болсон юм. Манай улсын сагсан бөмбөгийн хөгжилд Алдар нийгэмлэгийн оруулсан хувь нэмэр их билээ. 1994 онд МСБХ шинэчлэгдэн зохион байгуулагдаж Монголын сагсан бөмбөгийн лигийн тэмцээнийг анх санаачлан ажилласан. МСБХ нь 2000 оны 12 сарын 21 –нд Азийн сагсан бөмбөгийн холбооны 44 дахь, 12 сарын 29 –нд олон улсын сагсан бөмбөгийн холбооны 144 дахь гишүүн орноор тус тус элссэн билээ

No comments:

Post a Comment